Холбоо барих утас: 77771018, 88107696, 99281018, 88861018  math.setguul@gmail.com 

Хаяг: 7 давхар 72 тоот, Гранд оффис центр Жамьян гүний гудамж, Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот, Монгол улс

Математик статистик загварчлал

Үндэслэл - Зорилго
Боловсролын салбарт хэрэгжиж буй шинэчлэлийн бодлогыг дэмжин Монголын Математикийн Багш нарын Академи (ММБА), “Математик” сэтгүүлийн редакц хамтран сурагчдын математикийн хэрэглээ, математик загварчлалын талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор Монголд анх удаа (2018 онд)“Математик Загварчлалын Уралдаан”-ыг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан.  Боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын хүрээнд ЕБС-ийн математик сургалтын зорилго нь сурагчдад онолын мэдлэг өгөхөөс илүүтэй цогц чадамж төлөвшүүлэхийг чухалчилж байна. Иймд тус уралдааны зорилго нь боловсролын чанарын шинэчлэлийн бодлоготой бүрэн нийцэж байгаа болно. 

 

АНУ, ХБНГУ, Хонгконг зэрэг хөгжингүй орнуудад жил бүр ахлах ангийн сурагчид болон оюутнуудын дунд нэр хүндтэй, шагналын сан өндөр, олон улсын түвшний математик загварчлалын уралдаанууд тогтмол зохиогддог ажээ. Эдгээрээс заримыг нь дурдвал “Математик Загварчлалын Уралдаан” (Mathematical Contest in Modeling-MCM), “Олон Улсын Математик Загварчлалын Уралдаан” (International Mathematical Modeling Challenge-IMMC), “Матуорксийн Математик Загварчлалын Уралдаан” (Mathworks Math Modeling Challenge-M3 Challenge) зэрэг болно. Эдгээр уралдаанууд сурагчдын математик загварчлалын талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлэх, ахлах ангийн сурагчдад СТЕМ (англиар STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик гэдгийн товчлол) чиглэлээр их, дээд сургуульд элсэн орох, мэргэжил эзэмших сонирхол төрүүлэх гэсэн нийтлэг зорилготой.

Дээрх уралдаануудад жил бүр олон мянган сурагч, багийн зөвлөх багш нарын хамтаар оролцон өрсөлддөг. Эхэндээ эдгээр уралдаануудад АНУ-ын багууд голчлон оролцдог байсан бол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд манай урд хөрш БНХАУ-аас олон тооны багууд оролцож, тогтмол өндөр амжилт гаргаж байна. Тухайлбал 2014 онд зохион байгуулагдсан 30 дахь удаагийн Математик Загварчлалын Уралдаанд 18 орны 6755 баг өрсөлдсөнөөс 90 гаруй хувь нь БНХАУ-ын оролцогчид байжээ. Энэ нь БНХАУ шинжлэх ухаан, технологийн салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг болохоор зорьж, үр дүнд хүрч буйн илрэл юм. 

 

Уралдааны зохион байгуулалт
Дээрх бүх уралдаанд сурагчид багаар оролцон өрсөлддөг. Уралдаанд оролцогчид шүүгчдийн зөвлөлөөс дэвшүүлсэн бодлогыг сар гаруй хугацаанд судлан шинжилж, математик загварыг боловсруулан, гарсан үр дүнд дүгнэлт хийгээд өөрсдийн шийдлээ илгээдэг. Багуудын ажлыг докторын зэрэгтэй хэрэглээний математикчдаас бүрдэх шүүгчдийн зөвлөл хянаж, шалгарсан шилдэг оролцогчдыг эцсийн шатны шалгаруулалтад оролцуулдаг. Эцсийн шатанд багууд өөрсдийн хийсэн судалгааны ажил, боловсруулсан загвар, бодлогын шийдлийг олж буй арга зам зэргээ танилцуулж, шүүгчдийн асуултад хариулдаг бөгөөд энэ шатны төгсгөлд багуудыг эцсийн байдлаар байр эзлүүлдэг ажээ. Уралдаанд амжилттай оролцсон багуудад 20000 ам.доллар хүртэлх сургалтын тэтгэлэг болон өөр олон шагнал, урамшууллыг олгодог ажээ.

Бусад уралдаанаас ямар ялгаатай, мөн давуу талтай вэ? 

 

“Математик загварчлалын Улсын Уралдаан” нь математикийн бусад уралдаан, уламжлалт олимпиадуудаас дэвшүүлж байгаа бодлогын бодитой байдал болон олон хувилбарт шийдлүүд, багуудын гүйцэтгэсэн судалгааны ажил, дэвшүүлж буй өвөрмөц санаа, боловсруулсан арга зам - алгоритм, багийн хамтын ажиллагаа зэрэгт илүү ач холбогдол өгдгөөрөө ялгаатай. Сурагчид багаараа дэвшүүлсэн бодлогыг судлан, математик загварыг боловсруулж шаардлагатай өгөгдлүүдийг холбогдох эх сурвалжаас цуглуулан, үр дүнг гаргаж, өөрсдийн үнэлэлт, шийдлийг танилцуулдаг ийм төрлийн тэмцээнд урьд өмнө манай улсад зохиогдож байгаагүй. Тус уралдаан нь оролцогчдодоо багаар хамтран ажиллах, асуудал шийдвэрлэх, бичиг баримт боловсруулах, дүн шинжилгээ, тооцоолол хийх, илтгэл толилуулах чадваруудаа сайжруулж, математикийг бодитоор “мэдрэх” боломжуудыг олгож байгаа юм. Цаашид дотоодын уралдаанаас шалгарсан баг, сурагчид ижил төрлийн олон улсын уралдаан, тэмцээнд оролцох боломжтой.