Холбоо барих утас: 77771018, 88107696, 99281018, 88861018  math.setguul@gmail.com 

Хаяг: 7 давхар 72 тоот, Гранд оффис центр Жамьян гүний гудамж, Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот, Монгол улс

    Монголын Математикийн Багш нарын Академи (ММБА), “Математик” сэтгүүлийн редакцаас математикт дур сонирхолтой, оюун ухаанаа хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй сурагчдыг дэмжих зорилго бүхий өөрийн нэрэмжит уралдаанаа зохион байгуулдаг. 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн тус уралдааныг монгол тулгатны билгүүн математикч Шарайн Мянгатыг алдаршуулах, нэр алдрыг нь олон нийтэд түгээх, мөн уралдаанд оролцогчдын дундаас ирээдүйд шинжлэх ухааны салбарт нэр алдраа дуурсгах суутан төрөхийг бэлгэдэн “Ирээдүйн Мянгат” нэрийн дор зохион байгуулж эхэлсэн билээ. 

Шарайн Мянгат 

Манж чин улсын хориннэгдүгээр он буюу халхын дөрвөн аймгийн ноёд Долнуурын чуулган дээр чин улсад даган ороод ганц жилийн нүүр үзэж амжаагүй байсан 1692 оны орчим тэр үеийн цахар найман хошууны нэг одоогийн өвөрмонголын Шилийн гол аймгийн нутагт эхээс мэндэлж  дуудах нэрийг лам багш Мянгат хэмээн чихэнд шивнэж, харин дуурсах нэрийг дорнын их тооч, одон зурхайч Мянгат хэмээн түүний гайхамшигт нээлт бүтээлүүд дэлхийн чихэнд мөнхлөн шивнэснээс хойш гурван зуун элээжээ. Ухааны одонд төрсөн их хүмүүс намтар цадигаа бичиж суудаггүй, хийж бүтээхээ урьтал болгодог жамаар түүний агуу бүтээлүүд нь мөнхөрсөн хэдий ч түүх намтрынх нь хувьд баримт сэлт ховор юм.Математикийн шинжлэх ухаанд ийнхүү монголчуудын нэр төрийг өндөрт өргөсөн суутан Шарайн Мянгат /1685-1770/ тухайн цаг үеийн монголын нутгийн төв хэсэгт манжийн булаан эзлэгчдийн түрэмгийллээр өвөрмонголын цахарын Шулуун Цагаан хошуунд нүүн очиж суурьшсан монгол үндэстэн байв.

Бага балчир наснаасаа Мянгатын авьяас билэг тодорч, хошуу нутагтаа алдаршсан тулд манжийн хааны ордны дэргэдээс "Математик сурах тэнхим"-д хүргэгдэн суралцаж, гарамгай сайнаар төгсөөд, улмаар хааны Тэнгэрийг сүсэглэх яаманд одон орны явдлыг тооцоолон бодох ажлыг эрхэлсэн түшмэлээр томилогдсон цорын ганц эрдэмтэн болж, даяар олондоо Их Мянгат хэмээн алдаршжээ. Ямар ч атугай манжийн хааны ордны дэргэдэх "Тоон ухаан сурах газар"-т шилэгдэн ирсэн хүүхдүүдээс авьяас чадвараар илт тасарч, цаашлан холдсоор их тоон ухаан, одон зурхай, сав шимийн ертөнцийн ухаанд шимтэн боловсорч, хааны харьяа албаны судлаач түшмэлийн албыг бараг хагас зуун жил хашихдаа, асар их судалгаа шинжилгээ хийж, бүтээл туурвилыг гаргажээ. Тухайлан цаг улирлын тооны бичиг зохиох, хянах, нар сар хэдийд хиртэхийг тооцоолон бодох зэрэг ажил үйлийг идэвхтэй сайн гүйцэтгэж байсан баримт тодорхой үлджээ.Итгэлтэй сайн гэдгийн хувьд их эрдэмтэн математикч маань манжийн хаан ширээнээ дараалан заларсан гурван хаан болох Энх Амгалан хааны үед арваад жил, Найралт төв хааны үед арван хоёр жил, Тэнгэр тэтгэгч хааны үед бараг гучаад жил дээрх албыг тасралтгүй хашсан байна. Их Мянгат Чин гүрний үед манжийн хааны албанд зүтгэж байсан нь нэг хэрэг, харин энэ ялдамд орчин цагийн математикийн ухаанд жинтэй хувь нэмэр болох гайхамшигт бүтээл туурвиж, одон зурхайг хөгжүүлж, улмаар газрын зураг хэмжих тооцооны нарийн арга боловсруулан хэрэглэж байсан нь өнөөгийн шинжлэх ухааны түвшинтэй жишихүйц байгаа нь түүний агуу том эрдэмтэн болохын хөдлөшгүй нотолгоо юм.